Хэдийгээр дэлхий ертөнц шинэчлэгдэж, техник технологи хөгжин дэвшиж байгаа ч хүн төрөлхтөн ном гэгч нэгэн соёлын амтанд улам шимтэн орж байна. Одоо ч гэсэн ном мэдээ мэдээлэл олж авах хамгийн үндсэн хэрэглүүрийн нэг хэвээр байна. Мэдээллийн зуун гэж байгаа өнөө үед номын хэрэгцээ дэлхий дахинд, нэн ялангуяа хөгжилтэй орнуудад түүхэнд үзэгдэж байгаагүй хурдтайгаар нэмэгдэж байна.
Өнөөдрийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон номын хэлбэр дурс нь хэдийгээр техникийн шинэчлэлийг даган өөрчлөгдсөн ч ном өөрөө түүхийн туршид байсаар ирсэн юм. Орчин үед ном шинэ технологитой хөл нийлүүлэн алхаж байна. Учир нь СD-нээс ч юмуу аль эсвэл интернетээс ч ном авч уншиж болдог. Гэсэн хэдий ч цаасан дээр хэвлэсэн ном хамгийн өргөн сонголт хэвээр байна. Ихэнх хүмүүс одоо хүртэл технологи ашиглаж биш гартаа ном бариад унших дуртай байдаг. Цаасыг нь гартаа мэдэрч, бага зэрэг үнэрийг нь үнэрлэж унших тэдэнд илүү тааламжтай байдаг. Бидний гартаа бариад уншдаг ердийн энэ ном ийм хэлбэрээ дахиад нэлээд удаан хугацаагаар хадгалах төлөвтэй байна. Үнэхээр ч номгүйгээр амьдралыг төсөөлөхөд ч бэрх болжээ. Учир нь гар бичмэлээс эхлээд хэвлэх хүртэл урт зам туулдаг юм шүү.
Гар бичмэлээс хэвлэх үйлдвэр хүртэл
Аливаа бичгийн зуйлийг эхээс нь гараар хуулан авч зурж чимэглэсэн хуулбарыг гар бичмэл гэнэ. Эртний хүмүүс бичиж чаддаг хүнийг эрдэмтэн мэргэний тоонд оруулдаг байжээ. Эртний Грек болон Ромыхны үед уншиж бичиж чаддаг боолтой байх нь хүмүүст гайхуулах нэр төрийн хэрэг байлаа. Дундад зууны үеийн бичээч нар хамгийн түрүүнд шашны болон санхүүгийн ажил хийдэг байжээ. Тэр үед ном нь олдошгуй эрдэнэ, хамгийн дээд тансаг хэрэглээнд тооцогддог байлаа. Бичээч нарын ажлыг хэр зэрэг бага алдаа гаргаснаар нь болон хийсэн ажилдаа хэр зэрэг сэтгэлээ өгөн хийж байгаагаар хэмждэг байв. 13-р зууны эхэн гэхэд бичээчийн ажлыг боловсролынхоо зардлыг олох гэсэн оюутнууд хийж байлаа. Уран зохиолын номууд нь мянга мянган жилийн турш эх зохиолоороо биш юм гэхэд хуулбараараа бидэнд уламжлагдан иржээ.
Гэвч энэ хуулбаруудад жинхэнэ эхээс зөрөх магадлал их байдаг. Эхнийх нь, зохиолыг хуулбарласан бичээчийн санамсаргуй алдаа юм. Бичээч зохиолыг хуулбарлан бичиж байхдаа анзааралгүй үсгийн алдаа гаргах эсвэл бүлэг алгасан бичих тохиолдол байдаг. Хоёр дахь нь албаар өөрчлөх явдал юм. Энэ өөрчлөлтийг үсэг бичих хэлбэрт орсон өөрчлөлтөөс болж шинэчлэх, шинэ үгээр солих, ёс суртахуун, улс төрийн бодлогоос гажууд болгохгүйн тулд нэмэлт хасалт хийх зэргээр хийдэг байжээ. 16-р зуунаас эхлээд хэвлэх үйлдвэрт хэвлэсэн ном дэлгэрч эхэлсэн боловч үнэтэй судар бичиг, гар бичмэл зохиол, зарим сурталчилгааны материалуудыг гар бичмэлээр бичих явдал 18-р зууныг хүртэл үргэлжилжээ.
Хэвлэх үйлдвэр ба түүнийг дагасан өөрчлөлт.
Сэргэн мандалтын үед хэвлэх үйлдвэр бий болсноор номын тархалт ихэсч, түүнээс үүдэн хүний ой тогтоолтод ч гэсэн өөрчлөлт оржээ. Учир нь хүний ой тогтоолтын үүргийг ном гүйцэтгэж эхэлсэн юм.
Хүн өөрийн хэрэгцээний дагуу хүссэн чиглэлээр ном уншдаг болжээ.
Гэвч тэр үеийн боловсролын ертөнц хэвлэсэн номыг 2 шалтгаанаар шүүмжилж байлаа. Нэгдүгээрт хэвлэсэн номууд тэр үеийн гар бичмэлүүдээс илүү үнэтэй байсан учраас баян ядуугийн ялгааг илүү тодотгож байна. Хоёрдугаарт хүүхэд болгон номтой учраас тус тусдаа биеэ даан номоо уншин чимээгуй сууснаар багш шавийн хоорондын мэдлэгийн хүртээмж багассан гэж үзэж байжээ.
Анхны номууд 15-р зууны 2-р хагаст хэвлэгджээ. Гэвч энэ нь маш цөөхөн юм. Үүний шалтгаан гэвэл тэр үеийн техникийн боломж, мөн гар бичмэлийг илүү дээгүүр үзэн хэвлэсэн номыг энгийн нэг хуулбар гэж үздэг байсан, хэвлэсэн номын захиалга бага байсан ч тал бий.
Тэр үеийн хэвлэсэн ном уншсан хүмүүс гар бичмэлийг бичих гэж мэрийсэн хүний хөдөлмөр мэдрэгдэхгүй хиймэл байна гэж гомдоллодог байв. Гэвч гар бичмэлийг үнэлсэн энэ үнэлэлт нь зохиогчийн анхны эх гар бичмэлд егех унэлгээ биш байсан юм. Зохиогчийн анхны эх гар бичмэлийг жинхэнэ утгаар нь үнэлэх явдал 19-р зууны үед эртний эдлэл сонирхол татаж музей байгуулагдаж эхлэх үед эрч хүчээ авчээ. Зохиогчийн эх гар бичмэл нь тухайн хүний уран сэтгэх чадварын үзүүлэлт, тэр үеийн хүний ургуулан бодох төсөөллийг харуулдаг учир маш үнэ цэнэтэйд тооцогддог.
Номын үндсэн бүтэц, бүрэлдэхүүн
Номын үндсэн бүтэц болох цаас, түүний үндсэн түүхий эд болох модны олдоц бага, түүний боловсруулалт нь урт удаан хугацаанд бий болдог нарийн ажиллагаа зэргээс шалтгаалан хэвлэмэл ном цөөн байв. Гэвч энэ асуудал 19-р зууны үед шийдэгджээ. 1798 онд Луйсь Николось Робертийн зохион бүтээсэн машины үр дүнд механикаар цаас үйлдвэрлэж эхэлжээ.
Үүний дараагаар Английн Гамбли, Форринер, Донкен дахин сайжруулсан загвараар шинэчилжээ. 1798 оны 11-р сар гэхэд нэг машин 91,5 см өргөнтэй сонины цаасыг минутад 1220 метр үйлдвэрлэж байлаа. 18-р зуунд ургамлын гаралтай түүхийн эдийн оронд хэрэглэж нэлээд олон туршилт хийжээ. 1843 оноос эхлэн сонины цаасанд сүрлэн зуурмаг хэрэглэж эхэлжээ. Богино хугацааны дараа модон зуурмаг хэрэглэж эхэлсэн юм. 19-р зууны үйлдвэрийн эрины үед 2 шинэ техник зохион бүтээсэн нь номын үйлдвэрлэлд асар их түлхэц өгсөн юм.
Хэрэв хэвлэлт муу бол цаас хэчнээн сайн байгаад хэрэггүй ажээ. Мөн хэчнээн их цаас үйлдвэрлэсэн ч үсэг өрөлт удаан учраас их цаас ч хэрэггүй байлаа. Ер нь номын үйлдвэрлэл цаасыг бодвол удаан байлаа. Учир нь хэвлэх техник Гутенбергээс хойш нэг их өөрчлөгдөөгүй байв. 1780 он орчим Франсуа Амбруас Дидо 2 дахин илүү чанартай хэвлэх машин зохион бүтээжээ.
Номын гаднах хэлбэрийн хувьд гэвэл бараг өөрчлөгдсөнгүй. Ном анх гарахдаа л хавтастай байдаг байсан бөгөөд 18-р зууны эцэс гэхэд оёдолтой, бичиггүй хавтастайгаар зарагдаж эхэлжээ. Хавтсан дээрээ бичигтэй ном 19-р зууны эхээр хэвлэгдэж эхэлсэн бөгөөд яваандаа хавтсан дээрээ зурагтай болж эхэлжээ. Гоёж гангалан чимэглэх нь дундад зууны үеийн салшгүй нэгэн хэсэг байлаа. Ихэнхдээ номын бүлгүүдийн эхний үсгүүдийг ингэж урнаар чимэглэн чимж өгдөг байжээ. Энэ нь одоог хүртэл үргэлжилж байна.
Ном гэдэг үгийн үүсэл нь эртний грек хэлэнд "biblos", латин хэлэнд "liber" гэсэн үгнүүдийн анхны утга нь модны холтос гэсэн байдаг. Хятадын дүрс бичигт одоо хүртэл номыг хулс юмуу модны дүрсээр харуулдаг.
1870-1880 оноос эхлэн цаасны түүхий эдэнд модыг хэрэглэсээр ирлээ. Цаасны доторх ханаагүй бодис болох мод үндсэн онцлогоосоо шалтгаалан цаг хугацааны элэгдэлд ордог. Удаан хугацааны дараа шарладаг, амархан урагддаг учир хадгалахад нэлээд төвөгтэй байдаг.
Номын анхны түүхий эд болох тусгай шаврыг МЭӨ 3-р мянган жилд хэрэглэж байжээ. Зөөлөн чийглэг шавар хавтан дээр үсэг сийлэн бичдэг байсан юм. Шумерчуудын бичгийг хадаасан (шаантаг) бичиг гэж нэрлэдгийн учир нь энэ юм. Шумер болон Ассирчуудад ном хийх ажил нэлээд төвхнөсөн байлаа. Вавилон болон Ниновачуудад ном олшруулан хуулах газар ч байв. Хятадууд эхэндээ даавуун дээр ном бичдэг байжээ. Дараагаар нь илэг болон папирус цаас хэрэглэж эхэлсэн юм.
Папирус цаасны ургамал нь Нил мөрний эрэг болон сав газрын намагт ургадаг. Папирусын голоор цаас хийн 15-17см хэмжээтэйгээр зүсэн хуудас хийдэг байв. Папирусыг судар бичиг бичихын тулд мөн зарим юмыг боохын тулд хэрэглэдэг байв. Дээр нь бичиг бичихийн тулд хурц үзүүрлэсэн мод хэрэглэдэг байсан бол дараагаар нь шувууны өд хэрэглэж эхэлжээ.
Бичиг бичихэд хэрэглэж байсан өөр нэгэн зүйл бол илэг байлаа. Египетээс хараат бус байх гэж оролдсон Бергамийн Хаан 2-р Уйменес илгэн цаасыг анх гаргасан гэж үздэг. Гэхдээ яг баттайгаар МЭӨ 3-р зууны үед арьс боловсруулж дээр нь юм бичиж болохоор боловсронгуй болох үед илгэн цаас гарчээ. Латинаар "pergameneum" гэдэг энэ цаасны үйлдвэрлэлийн төв нь Бергама болсон юм. Илгэн цаас хийх түүхий эд нь хонь, ямаа, ухна, тугал бүр илжигний арьс ч байжээ.
Арьсыг угааж хатаагаад татаж үстэй талыг нь доош харуулж тавиад нөгөө талд нь "шүү" түрхэж өгнө. Дараа нь бүхэлд нь шүүнд идээлж ямарч үсгүй болгоно. Эцэст нь дахин угаагаад дэлгэж хатаасны дараа зүсэж хэрэглэдэг байлаа. Илгэн цаас нь папирусыг бодвол илүү бат бөх бөгөөд уян хатан юм. Сийлж бичих, арилгахад ч хялбар байсан хэдий ч хурдан дэлгэрээгүй бөгөөд папирус номны оронд дөнгөж МЭ 4-р зуунд бүрэн хэрэглэж эхэлжээ. Гэвч түүхий эдийн олдоц, хийхэд шаардагдах нарийн ажиллагаа зэргээс шалтгаалан үнэ нь ч өндөр хэвээр байлаа.
Номын сан
Ном үүсэн бий болж олширсноор түүнийг хадгалах мөн олон хүнд хүртээх зорилгоор номын санг байгуулжээ. Номын санг анх байгуулснаас хойш он дараалан эртний Шумер, Ассирчуудын шавар хавтан, эртний Египет, Грек, Ромын папирус цаасан дээр бичсэн материал, Грек, эртний Латин ертөнцийн сүүлийн үе, дундад зууны үеийн сүм хийдүүдийн хэрэглэдэг байсан илгэн цаасан дээрх материал, цаасан дээр хэвлэсэн ном, орчин үеийн микрохальс, төрөл бүрийн дискет, соронзон хальс зэргийг хадгалсаар байна. Номын сан үндсэн хоёр үүрэгтэй. Хадгалах, хүмүүст хүргэх.
Номыг хадгалах нь соёлын өв санг уламжлан өвлүүлдэг сайн талтай. Тиймээс ч Дундад зууны үеийн номын сангууд, ялангуяа сүм хийдүүд өөрийн номыг байнга олшруулан хуулж байдаг бичээчтэй байжээ. Холбоо харилцаа дэлгэрснээр номын санд байгаа номны мэдээ мэдээлэл нь дарагдалгүй хүмүүсийн хэрэгцээнд хүрч байдаг. Ард түмэнд нээлттэй номын сан нь уншлага, судалгааны танхим, ангилалт, дэлгэцийн болон сонсголын замын төхөөрөмжөөр уншиж сурч мэдэх боломжид эргэлт гаргасан гэж хэлж болно.
Орчин үеийн ном нь илүү их өнгө, зургийн сонголтоороо дээр үеийн номоос ялгарч байна. Хавтсан дээрээ өнгөт зурагтай, алтадсан бичигтэй хавтастай ном өнөөдөр бидний энгийн хэрэгцээ болжээ. Мөн ихэнх номын хавтсыг үдээсээр үдэхгүй, цавуугаар нааж тогтоодог болжээ. Энэ нь эдэлгээ муутай байдаг.
Хүмүүс эртнээс дэлхий нийтийн бүх хүмүүст үйлчилдэг нэг л номтой байхыг хүсч байсан хэдий ч нэг номыг хүн болгон өөрийн ойлгох хэлбэрээр ойлгодог.
No comments:
Post a Comment